/ / ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН ТОГЛОЛТОНД БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН ТОГЛОЛТОНД БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн тоглолтод Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, "Хүч" спортын хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх нараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын 9 төрөлд өрсөлдөж 14 алт, 8 мөнгө, 11 хүрэл нийт 33 медаль, шагналт 4-р байр, шигшээ 6-р байр зэрэгт шалгарч, Монгол Цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харууллаа.

Манай тамирчин-алба хаагчид буудлага, хүчний гурван төрөлт буюу пауэрлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт, жүдо, жюү жицү бөх, бокс, каратэ, дартс гэх спортын 9 төрөлд амжилттай оролцсон юм.

Түүнчлэн манай тамирчид Цагдаагийн тоглолтын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлэв. “Хүч” спортын хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний 3 төрөлтийн эмэгтэйчүүдийн нээлттэй 30-39 насныхны хэвтээ шахалтын төрлийн 63 кг-ын жинд 5 кг-аар ахиулж 80 кг-ыг өргөж дэлхийн цагдаагийн тоглолтын дээд амжилт тогтоож алтан медаль, таталт шахалтын төрлийн 63 кг-ын жинд 10 кг-аар ахиулж 230 кг өргөж  дэлхийн цагдаагийн тоглолтын дээд амжилт тогтоож  алтан медаль, Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчилэн тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд мөн алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Дэлхийн цагдаагийн тоглолт нь анх 1967 онд Цагдаагийн олимп нэртэйгээр АНУ-д зохион байгуулагдсанаас хойш хоёр жил тутамд уламжлал болгон явагдсаар иржээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагын тамирчдын хувьд гурав дахь жилдээ оролцож буй бөгөөд 2011 онд спортын зургаан төрөлд өрсөлдөж 20 медаль, 2015 онд спортын таван төрөлд авхаалж самбаа сорин 15 медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм. Энэ жилийн тэмцээнд 95 орны 10 мянга гаруй тамирчин-алба хаагч спортын 50 гаруй төрлөөр өрсөлдсөн байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна