/ / “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д ДОТООДЫН ЦЭРГИЙН САЛАА ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д ДОТООДЫН ЦЭРГИЙН САЛАА ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн” энэ оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.  

Тэмцээний шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, тэмцээнийг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн оролцов.

“Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн” гарааны өмнөх ажиллагааны үеийн жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаанаар эхэлж, нормативын бэлтгэлийн гүйцэтгэлт зэргээр өрсөлдөж, эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 6 км-ийн маршийн явцад гранатын мэргэн шидэлт, ерөнхий цэргийн саадын зурвасыг туулах, босоо, суугаа, хэвтээ байдлаас буудлага үйлдэх, эзлэгдсэн обьектыг чөлөөлөх, байгалийн саадыг туулах, хөнөөлийн голомтод төрөл бүрийн нормативыг гүйцэтгэх, азимутаар хөдөлгөөн үйлдэх, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативуудыг боловсруулах зэрэг дасгалуудыг гүйцэтгэснээр барианд орсон юм.

Тэмцээний нэгдсэн дүнгээр ротын төрөлд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ахмад Б.Ариунболд захирагчтай рот “Тэргүүн байр”, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахмад Б.Цээноров захирагчтай рот “Дэд байр”, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмад Б.Анхбаяр захирагчтай рот “Гуравдугаар байр”, байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч М.Цэрэнням захирагчтай салаа “Тэргүүн байр”, Онцгой байдлын Ерөнхий газрын Дэслэгч А.Нямбаяр захирагчтай салаа “Дэд байр”, Дотоодын цэргийн штабын Дэслэгч Б.Бумбаяр захирагчтай салаа “Гуравдугаар байр”, хугацаат цэргийн алба хаагчтай салааны төрөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн захирагчтай салаа “Тэргүүн байр”, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахмад Т.Бямбацогт захирагчтай салаа “Дэд байр”, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Дэслэгч Л.Мөнхбат захирагчтай салаа “Гуравдугаар байр”, эмэгтэй тасгуудаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Н.Ууганцэцэг захирагчтай тасаг “Тэргүүн байр”, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай тасаг “Дэд байр”, Дотоод Хэргийн Их Сургуулийн Дэслэгч Г.Чимэгсүрэн захирагчтай тасаг “Гуравдугаар байр”-т тус тус шалгарлаа.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан юм.

Цэрэгжлийн спорт мандтугай!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна