/ / “ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2021” БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2021” БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтний багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, цаашид олон улсын тэмцээн, уралдаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнийг зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, тамирчид оролцож байгаа юм.

Тэмцээний нээлт өнөөдөр /2021.09.23/ Зэвсэгт хүчний ... дугаар ангийн байрлалд зохион байгуулагдаж, нээлтэд Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, мөн штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Ц.Батбаатар болон бусад байгууллагын удирдлага, тэмцээнд оролцож буй баг, тамирчид оролцлоо.

Тэмцээн багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачины мэргэжлийн үйл ажиллагааны төрлөөр хоёр өдөр үргэлжилнэ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна